Мэдээ мэдээлэл
ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР – 2025:“МӨСТӨЛ, МӨСӨН ГОЛЫГ ХАМГААЛАХ НЬ”

ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР - 2025
1993 оноос хойш жил бүрийн 3-р сарын 22-нд тэмдэглэдэг Дэлхийн усны өдөр нь цэвэр усны үнэ цэнийг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ дэлхийн усны нөөцийн тулгамдсан асуудлуудад анхаарлаа хандуулахад чиглэдэг.
2025 оны уриа: “Мөстөл, мөсөн голыг хамгаалах нь”
Мөстөл, мөсөн голууд дэлхийн усны эргэлт, цэвэр ус нөөц, экосистемийн тогтвортой байдлын тулгуур болдог. Гэвч уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан мөсөн голууд сүүлийн жилүүдэд хурдацтай хайлж байна. Иймд уг асуудалд дэлхийн ахнаарлыг хандуулах зорилгоор 2025 оны усны өдрийг “Мөстөл, мөсөн голыг хамгаалах нь” сэдвийн хүрээнд тэмдэглэж байна.
Тулгамдаж буй асуудлууд
- Дэлхий даяар 2.2 тэрбум хүн аюулгүй ундны усны хүртээмжгүй нөхцөлд амьдарч байна.
- Хүн амын өсөлт, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн өсөн нэмэгдэж буй усны хэрэглээ, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө нь ундны усны нөөц хомсдох эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байна.
- Усны хуваарилалт тэгш бус хэвээр байгаа нь олон нийтийн эрх ашгийг хангахад хүндрэл учруулж байна.
2025 оны Дэлхийн усны өдрийн гол мессежүүд
- Мөсөн голууд урьд хожид байгаагүй хурдацтай хайлж байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй дэлхийн хуурай газрын 10 хувь буюу 15 сая км2 талбай бүхий мөстөл жилд дунджаар 1.2 м -ээр хайлж байна.
- Мөсөн голын хайлалт нь экологийн болон эдийн засгийн ноцтой хямрал үүсгэж болзошгүй. Мөстөл, мөсөн голын хайлалтаас үүдэлтэй сөрөг үр дагаврууд гарч байна. Тухайлбал, далайн түвшин жил бүр 5 мм-ээр нэмэгдэж, цэвэр усны нөөц хомсдох, амьтан, ургамлын амьдрах орчны алдагдал үүссэнээр биологийн олон янз байдал алдагдах, байгаль, цаг уурын гамшигт үзэгдлийн давтамжийг ихэсгэх зэрэг сөрөг нөлөө ихсэж байна.
- Мөсөн голыг хамгаалах нь хүн төрөлхтний тогтвортой ирээдүй юм. Дэлхийн цэвэр усны 70 гаруй хувь нь мөстөл, мөсөн голуудад хадгалагдаж байдаг. Тиймээс цэвэр усны хамгийн том эх үүсвэр болох мөстлийг хамгаалах нь хүн төрөлхтний тогтвортой ирээдүйн баталгаа юм.
Бид юу хийх ёстой вэ?
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг шуурхай арга хэмжээ авах. Хүн төрөлхтөн уур амьсгалын өөрчлөлтийг зогсоохоос өөрөөр мөстөл, мөсөн голын хайлалтыг зогсоох, сэргээх боломжгүй юм. Үүний тулд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зайлшгүй шаардлагатай тулгарч байна.
- Усны нөөцийн тогтвортой менежмент. Хайлсан мөстөл, мөсөн голын урсацыг үр ашигтай ашиглах, ус хэмнэх, зохистой ашиглах нь усны хямралыг бууруулахад чухал үүрэгтэй.
- Олон улсын хамтын ажиллагаа. Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах дэлхийн конвенцүүдийн үйл ажиллагааг дэмжих, хэрэгжүүлэх, мөстлийн судалгааны олон улсын шинжлэх ухааны хамтын ажиллагааг дэмжих зэрэг бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Монгол Улсын үүрэг оролцоо
Монгол Улс нь уур амьсгалын өөрчлөлт, усны нөөцийн тогтвортой байдлын асуудлыг олон улсын болон бүс нутгийн түвшинд идэвхтэй хэлэлцэж, дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна:
- Усны бодлого, менежмент – Төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний стратегийг боловсруулж, хэрэгжүүлэх.
- Шинжлэх ухааны судалгаа, инноваци – Усны менежмент, уур амьсгалын өөрчлөлтийн судалгааг эрчимжүүлэх.
- Олон улсын хамтын ажиллагаа – НҮБ, төрийн болон төрийн бус байгууллагууд, бизнесийн салбар, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үр дүнтэй бодлого хэрэгжүүлэх.