Удирдлагын мэндчилгээ
Удирдлагын мэндчилгээ
Эрхэм таны энэ өдрийн амрыг айлтган мэндчилье!
Баян-Өлгий аймгийн ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн цахим хуудсанд зочилж буй эрхэм хэрэглэгч тантай уулзаж байгаадаа баяртай байна.
Ус цаг уур, орчны мэдээлэл, үйлчилгээ, шинжилгээний ажлын үр дүнг хөдөө аж ахуй, эрчим хүч, уул уурхай болон эдийн засгийн бүхий л салбар, соёл шинжлэх ухаан, ард иргэдийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн гаргахын төлөө бид хичээн ажилладаг билээ.
100 жилийн тэртээ Монгол улсад Ус цаг уурын албаны анхны үндэс суурь тавигдаж байсан бол Баян-Өлгий аймагт 1958 онд анхны Өлгий цаг уурын станцыг байгуулан ажиглалт хэмжилт хийгдэж эхэлсэн ба өнөөдөр 66 дах жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Цаг агаарын үндсэн элементүүдийг багажийн болон нүдэн баримжааны аргаар тодорхойлж байсан бол өнөөдөр автомат багаж, төхөөрөмж, хиймэл дагуул, зайнаас тандан судлал, өндөр хүчин чадлын тусгай хэрэгцээний тооцоолох машин буюу суперкомпьютер зэргийг үйл ажиллагаандаа ашиглан ус, цаг уурчид дэлхийн даяарчлал, мэдээллийн технологийн эрин үетэй хөл нийлүүлэн алхаж байна.
Монгол орны эх газрын эрс тэс хатуу ширүүн уур амьсгалын суурин дээр даян дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ган гачиг, зуд турхан зэрэг гамшигт хүргэж буй цаг агаарын аюултай үзэгдлийн давтамж, эрч хүч нэмэгдэж байна. Энэхүү нөхцөл байдалд тулгарч буй сорилт угтаж буй болзошгүй эрсдэлийг эдийн засаг, нийгмийн хөгжлийн өнөөгийн явц, ойрын болон алсын ирээдүйн чиглэл, зорилттой оновчтойуялдуулж төлөвлөх, хэрэгжүүлэх явдал зайлшгүй тулгамдсан асуудал болж ус, цаг уурын албаны үйл ажиллагааг хөгжлийн шинэ шатанд гаргах зорилт болж байна.
Орчин үеийн өндөр хүчин чадалтай тооцоолох төхөөрөмж, нэн ухаалаг холбоо мэдээлллийн болон зайнаас тандах техник хэрэгсэл, сүүлийн үед нэлээд эрч хүчтэй ярьж буй “ хиймэл оюун ухаан” хэмээх мэдлэгийн шинэ салбарын зах сэжүүр, мэргэжлийн гүн гүнзгий мэдлэг эзэмшсэн шинэ боловсон хүчний чадамж, чадварт тулгуурлан үзэгдлийг илүү нарийвчлалтайгаар мэдээлэхийн хамт түүнийг дагалдах хор уршиг, үр дагаврыг хамтад нь багцаалдаг, тооцоолдог болох, цаашлаад тэр мэдээлэлдээ түшиглэн сэргийлэх арга хэмжээг товлож, шаардагдах зардлыг төсөвлөж ажиллах нь бидний ажлын ирээдүйн зорилт юм.
Бид ус цаг уур, орчны шинжилгээ, мэдээлэл, үйлчилгээний ажлын чанарыг сайжруулах, ялангуяа ус, цаг агаарын урьдчилсан мэдээний чанарыг дээшлүүлэх, мэдээллийг хэрэглэгчдэд шуурхай хүргэх, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна.
Манай байгууллагын цахим хуудсаар үйлчлүүлж буй эрхэм таныг өөрт хэрэгцээтэй мэдээ, мэдээллийг олж авч, бидэнтэй хамтран ажиллахыг хүсье!
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
УС, ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
ТӨВИЙН ДАРГА
П.ЖАНАРГҮЛ